Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлж хэвлэлт нь гацаанд ороод байсан жолооны үнэмлэхийг шинэ оны босгон дээр хэвлэж эхэлсэн. Гэвч тавдугаар сараас хойш жолооны курсад сурсан хүмүүсийн үнэмлэх одоо болтол гараагүй байна.Жолооны курсуудын хувьд ч Замын цагдаагийн газраас тодорхой мэдээлэл өгөхгүй байгааг хэлж байсан юм. Эдгээр асуудлын талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн олон нийттэй харилцах тасгийн ахлах мөрдөн байцаагч дэд хурандаа С.Энхтөрөөс лавлахад “Жолооны үнэмлэхийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-аас эхэлж хэвлэсэн. Нийт 47 мянган ширхэг үнэмлэх хэвлэлтэд хүлээгдээд байсан юм. Одоогийн байдлаар 24 мянган үнэмлэх хэвлээд байна. Гэрээт компани өдөрт 800-1000 ширхэг үнэмлэх хэвлэж байгаа. Үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн хүмүүсийнх ажлын 10 өдөрт гарна. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сарын 30-аас хойш хүсэлт нь ирсэн шинэ жолооч нарт түр үнэмлэх олгож буй” хэмээв.
Дашрамд дурьдахад одоо Замын цагдаагийн газартай шинээр гэрээ байгуулсан “Смарт Солюшинз” компани жолооны үнэмлэхийг хэвлэж буй юм. Өмнөх “Дмайт” компани ганц машинаар үнэмлэх хэвлэдэг байсан бол одоо гурван машин хэвлэх бололцоотой болсон аж. Үнэмлэхний хэвлэлт хэвийн үргэлжилж байгаа ч тус газраас шинэ жолооч нар үнэмлэхээ гар дээрээ яг хэзээ авах талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.


















































