Чингэлтэй дүүргийн 7-р хороо нь 241 га газартай, 3100 айл өрхтэй нийслэлийн томоохон хороодын нэг. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны хувьд эхний ээлжинд 51 айлын хашаа буюу 11 га газарт дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй нь хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцож санал өгсөн иргэдийн 92 хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн байна. Ийнхүү Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 51 айлын эзэмшил газар болох 11 га газарт дахин төлөвлөлт хийх тухай саналыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны хувьд дахин төлөвлөлт хийхэд хамгийн тохиромжтой.Үүнд:
- Халаалт шийдэгдэх нөхцөл бүрдсэн /Тус хороонд байх Зэвсэгт хүчний 253-р ангийн халаалтын зуухын хүчин чадлыг нэмэх/
- Цэвэр усны төв шугамтай хамгийн ойрхон
- Бохирын асуудал бүрдсэн /Монголын олон нийтийн радио, телевизийн бохирын шугамд холбох боломжтой/
- Цахилгааны дэд станцтай.
Тухайн хороонд ажилласан ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн хэлж буйгаар Чингэлтэй дүүргийн 7-р хороо хамгийн түрүүнд дахин төлөвлөлтөд хамрагдаж иргэд нь тохилог амины орон сууцанд орох боломжтой. Энэ бүх сонголт иргэн танд байна гэдгийг онцлон хэлсэн юм. Иргэд газраа дахин төлөвлөтөд оруулж, амины орон сууцтай орчин үеийн хороолол болгохыг дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















































