Дампуурсан “Зоос” бакны суурин дээр боссон Төрийн банкийг тойрсон их мөнгөний луйврын хэрэг сөхөгдөж эхлээд байна. МИАТ-ийн дарга нарын мөнгөн угаасан гэх дуулианы хажуугаар Төрийн банкны ТУЗ-ын зургаан гишүүн ашиг гэж тус бүр 90 сая төгрөг авсан тухай мэдээллийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олонд дэлгэлээ. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга асан Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нар төрийн албан хаагчдын нэр нүүрийг уландаа гишгэж ийнхүү мөнгө завшсан хэрэгт холбогджээ. Сүүлийн үед төрийн албаны том хэргүүдийг илрүүлэх болсон Х.Тэмүүжин сайд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэхээр хатуу шалгаж байгаа аж.
Төрийн банкны дээрх ТУЗ-ын гишүүн байсан хүмүүс яг Засгийн газар мөнгөгүй болж, иргэдэд 21 мянган төгрөг тараах гэж зүдэрч байх үед жишим ч үгүй 540 сая төгрөг халаасалсан байгаа юм. Улсын данс улайслаа гэж баахан шуугиж Монгол банкнаас зээл аван байж иргэдэд амласан мөнгөө өгсөн. Зарим нь ч өнөөдөр 21 мянган төгрөгийнхөө үлдэгдлийг аваагүй хүлээсээр байна. Гэтэл төрийн албан хаагч нэрийн доор хэний ч зөвшөөрөлгүй өөрсөддөө хувь хүртээж байсан нь олон хүний бухимдлыг төрүүлж байна. Ямартаа ч тэдний энэ булхай олон нийтийн хараанд өртлөө. Харин хэрхэн шийдэх нь Х.Тэмүүжин сайдын яриад байгаа хуулийн шинэчлэлийг харуулах байх. Ер нь том дарга нарын хэргийг баримт нотолгоотой нь шалгаад тэдэнд тохирсон ял, шийтгэлийг нь хүлээлгэж чадвал шүүх шинэчлэгдэж байна гэж олон нийт харна. Өмнө нь энэ мэт мөнгө идсэн дарга нарын хэрэг дарагдаад өнгөрдөг байсан. Харин шинэ цаг ирсэн үү гэдгийг Х.Тэмүүжин сайд харуулах болох нь. Өмнө нь 90 сая төгрөг төрөөс луйвардсан "90 саяын" гэх тодотголтой Б.Гансүх чанга дэглэмтэй хорих ангид 14 жилийн хорих ял авсан. Тэгвэл түүнтэй адилхан хэмжээний мөнгө өөрсөддөө "бэлэглэсэн" Төрийн банкны ТУЗ-ынханд ямар харицлага тооцох бол?
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (19)