Монгол Ардын Намын Удирдах зөвлөл олон улсын нийтлэг жишгийн дагуу Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг хянах Хяналтын танхим байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тус танхимыг сүүдрийн Засгийн газар хэмээн ойлгож ч болох аж. Учир нь Хяналтын танхимд эдийн засаг, нийгмийн бодлого, улстөр гэх мэт таван байнгын хороо, түүний дор хэд хэдэн дэд хороо ажиллах юм байна. Ингэснээр эрх баригчдын алдаатай шийдвэрийг чиглүүлэн залах, үйл ажиллагаанд нь бүхэлд нь хяналт тавих боломж бүрдэнэ хэмээн тэд үзжээ.Өөрөөр хэлбэл, тэд сөрөг хүчнийнхээ байр суурийг чанд хадгалж, зөвд ташуур, бурууд хазаар байхыг эрмэлзэж буй нь энэ ажээ. Энэ талаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Монгол Ардын Нам ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн тулд ажиллана. Түүнчлэн өмнөх Засгийн газрын хийж байсан Атрын III аян, “Монгол мал” хөтөлбөр зэрэг үр бүтээлтэй олон чухал ажлыг энэ Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Тиймээс Хяналтын танхим ард түмний амлалтыг биелүүлэхийн төлөө ажиллана” хэмээсэн юм. Харин намын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил “Бид энэ талаар зөвлөмж хүргүүлж байгаа. Хамгийн наад зах нь 40-өөс дээш насны иргэд, дөнгөж сургууль төгссөн залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахын тулд татварын орчныг сайжруулах шаардлагатай байгаа.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлдэг хувилбар ч байж болно. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн НӨАТ-ыг 200 сая төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тийм учраас энэ мэт олон ажлыг хийхийн тулд тус танхимыг байгуулж байгаа юм” гэв.
Үүнээс гадна хүүхдийг хоёр нас хүртэл нь, ихэр хүүхдийг гурван нас хүртэл ээжүүдийнх нь ажлын байрыг хадгалдаг тогтолцоонд шилжүүлж, ганц бие эцэг, эхүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа тухай ч тэд өгүүлэв. Мөн тус намын удирдлагууд “Чингис” бондын мөнгөнд хяналт тавьж, үр ашигтай зүйлд чиглүүлэх үүднээс Засгийн газраас долоо хоног бүр мэдээлэл өгч байхыг шаардаж буй аж. Түүнчлэн бондын мөнгөөс эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ.




















































Сэтгэгдэл (2)