
Ардчилсан намын ОНХХ-ийн дарга О.Чулуунбилэг Орхон аймгийн өндөр настан 92 нас зооглож буй намын ахмад гишүүн Ж.Дамба гуайтай шинийн нэгний билэгт сайн өдөр золгож намын даргын мэндчилгээ, гарын бэлгийг гардуулан өгсөн байна. Энэ үеэр Ж.Дамба гуай “Ардчиллын төлөө гэр бүлээрээ 20 жил зүтгэлээ. Энэ хугацаанд ардчиллыг дэмжиж явсан гэж адлуулж ч явлаа. Харин одоо ардчиллаараа бахархаж сууна. Ардчиллынханд зорьсон ажлыг нь эхлүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Ардчиллаас хувьдаа юм гуйхгүй ээ. Ардчиллын үр шимээр хийгдэж буй бүхнээс ард түмэн адил тэгш хүртэх ёстой” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Мөн Ардчилсан намын Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр Баянгол дүүргийн өндөр настан Б.Мядаг, Баянзүрх дүүргийн өндөр настан М.Намжил, СХД-ийн өндөр настан Г.Сүрэнжаа нартай золгож амар мэндийг нь мэдэж, урт удаан наслахыг хүсэн ерөөсөн байна.
Түүнчлэн Ардчилсан намын Намын байгуулалтын хэлтсийн дарга Э.Батсуурь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Төрмөнх, СХД-ийн 6-р хорооны засаг дарга Б.Энхтуяа нар Сонгинохайрхан дүүргийн өндөр настан, намын ахмад зүтгэлтэн Л.Лувсантарваа гуайтай золгожээ. Намаа төлөөлөн ирж сар шинийн мэнд хүргэсэн залууст талархаж Л.Лувсантарваа гуай “Анх ардчиллын төлөө зүтгэж, үйл хэрэгт нь оролцдогоо хүмүүсээс нуудаг байсан. Тэгээд аль юм бүрт нууж явах бэ гээд бүх амьдралаа ардчиллын төлөө зориулж зүтгэж эхэлсэн. Ардчиллын төлөө зүтгэсэн минь алдаа байсангүй. Ардчиллын үр шимийг үр хүүхдүүд минь ойр дотныхон минь эдэлж явна” гэлээ.
Ийнхүү ардчилсан намын нарийн бичгийн дарга нар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлсэн нь ахмад буурлуудын талархалыг ихэд хүлээсэн юм. Жил бүр ахмадаа хүндэтгэж биднийхээ үгийг сонсож байгаарай хэмээж байлаа.