

Уулзалтын хүрээнд төлөөлөгчид Шведийн зарим Эко сургуулиуд, Уппсалагийн Их сургуульд зочилж, үйл ажиллгаатай нь танилцахын хамт холбогдох сургалт семинарт оролцож байна.
Энэ үеэр БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд Швед Улсын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Андерс Фланкинг, Боловсрол, эрдэм шинжилгээний яамны Төрийн нарийн бичгийн дарга Бертил Өстберг нартай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр тал байгаль хамгаалах асуудал аль аль улсад чухал асуудлын нэг болсныг цохон тэмдэглэж, цаашид байгаль хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, ЮНЕСКО-гийн хүрээнд бие биенээ дэмжиж ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэхийн хамт сургалт семинар зохион байгуулах, оюутан солилцох, туршлага судлах боломжийн талаар санал солилцов.
Швед Улс байгаль хамгаалахад ихээхэн анхаарч ажилладаг улс орны нэг бөгөөд Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБ-ын анхдугаар бага хурлыг анх 1972 онд Стокгольм хотноо хийж байжээ хэмээн Стокгольм дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.