Монголчууд анх удаа авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Road Expo Мongolia 2013” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференц болох юм. Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болох уг үзэсгэлэн нь Монголын авто замын салбарын анхдугаар экспо үзэсгэлэн гэж хэлж болно. Учир нь өмнө манайд ийм хэмжээний үзэсгэлэн, сургалт зохиогдож байгаагүй. Монголын авто замын салбарынхан дэлхийн шилдэг техник технологи, ололт амжилтыг үзэж сонирхож, ажилдаа ашиглахын тулд гадаадын улс орнуудад зохиогддог үзэсгэлэнг зорьдог байсан бол энэ удаад Монголдоо, эх орондоо тэр бүгдийг үзэх боломжтой болж байна.
Энэ үзэсгэлэн, сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Аодэ” ХХКомпани хамтран ажиллаж байгаа аж.