
Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавесын оронд түр үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч Николас Мадуро ажиллахаар өчигдөр тангараг өргөсөн билээ. Тус улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг 30 өдрийн дотор явуулах ёстой юм. Харин Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Н.Мадуро сарын дараа буюу 4-р сарын 14-нд сонгууль явуулахаар товлосныг зарлалаа. Нэр дэвшигчдийг маргааш зарлах бөгөөд сонгуулийн кампанит ажил нь 4-р сарын 2-ноос 4-р сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Н.Мадурогийн хувьд сонгуульд Нэгдсэн социалист намаас нэр дэвших нь тодорхой болоод байгаа юм. Уго Чавес амьд ахуйдаа түүнийг залгамжлагчаараа нэрлэж байсан тул Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай хүний нэг болоод байна.