Өчигдөр орой Францын жүдочид манай улсад ирлээ. Тэд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн нь энэ юм. Ирэх дөрөвдүгээр сард таван тивийн аварга шалгаруулах тэмцээн болох тул Францын жүдочид Европын аварга, цаашлаад ирэх тавдугаар сард болох “World Masters”-ын бэлтгэлээ базаахаар ийнхүү Монголд иржээ. Францын жүдо бөхийн холбооноос МЖБХ-д онцгойлон хүсэлт тавьсны дагуу Лондонгийн олимпийн шагналын тавцанд Гавьяат тамирчин С.Ням-Очиртой мөр зэрэгцэн зогсч, хүрэл медаль зүүж байсан Уго Легранд тэргүүтэй хөнгөн жингийн бөхчүүд Монголд хүрэлцэн иржээ. Тэд 21 хоногийн турш Монголын хөнгөн жингийн жүдочидтой хамтарсан бэлтгэл хийгээд буцах гэнэ.


















































