

Сэтгүүлч Жин Ли 25-ны өдөр Хойд Солонгосын 3G интернэт сүлжээ нь гадаадын иргэд ашиглахад нээлттэй болсон талаар бичсэн нь тус улсаас жиргэсэн анхны хүн болгожээ. Тэрбээр зөвхөн жиргээд зогссонгүй Хойд Солонгосын гудамжинд болж буй үйл явдал, хүмүүсийн аж амьдрал, бүр Засгийн газрын ухуулга хуудас зэргийн зургуудыг Инстаграмд байршуулсан байна.
Сэтгүүлч Жин Ли нь Хойд Солонгост 20 гаруй удаа цөөн хоногоор зорчиж, сурвалжлага бэлтгэж байжээ. “Хамгийн анх удаа буюу 2008 онд ирэхэд гар утсыг маань онгоцны буудал дээр хураан авч байсныг бодоход Хойд Солонгос улам нээлттэй болж байна” хэмээн бүсгүй тэмдэглэжээ. Агентлагийнхаа зурагчнаар дамжуулан Инстаграмд зураг хийж буй түүний хаяг 71 мянган дагагчтай болсон байна.
25 сая хүн амтай Хойд Солонгост зөвхөн нэг сая хүн гар утас ашигладаг аж. Хэдийгээр иргэд нь гэртээ интернэт сүлжээтэй байдаг ч Твиттер, Фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээ сайтуудыг ашиглахыг хориглодог юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)