Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний хоёр сарын
байдлаар 7139 хүн халдварт өвчнөөр өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 81
хүн буюу 1.1 хувиар буурчээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний хоёр сарын байдлаар 7139 хүн халдварт өвчнөөр өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 81 хүн буюу 1.1 хувиар буурчээ. Вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 1585 хүн буюу 69.6 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн “Хүний хөгжил” сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт бэлнээр олгох 1.0 сая төгрөгийн хишиг хувиас энэ оны эхний хоёр сард 3.5 тэрбум төгрөгийг 3.6 мянган хүнд , хүүхдийн мөнгөнд 33.9 тэрбум төгрөгийг олгожээ.
Харин улсын хэмжээнд 2013 оны эхний 2 сард 4295 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх мөн үеийнхээс 321 хэргээр буюу 8.1 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 202, өмчлөх эрхийн эсрэг 151 зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Гэмт хэргийн улмаас 1285 хүн гэмтэж, 326 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 50 буюу 4.0 хувь, нас барсан хүний тоо 73 буюу 28.9 хувиар нэмэгдсэн байна.
Т.Хулан