
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх ёстой. Тиймээс Комиссын үйл ажиллагаагаа нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж, бүс нутгийнханд зориулсан үйл ажиллагааг явуулдаг.
Тухайлбал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нь хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх, цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, хилийн цэргийн анги, цагдаагийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт, мониторинг хийх, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт явуулах, олон нийтийн уулзалт зохиох, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шалгаж шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр тухайн бүс нутаг дахь хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор ажилладаг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дархан-Уул, 25-30-нд Сэлэнгэ, Орхон аймгуудад тус тус ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулна. "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион явуулж байна