Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор өнөөдрийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор тэмдэглэж байна. Төв талбайд эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл мэндийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж эрэгтэйчүүдийг үнэгүй үзлэгт хамруулж байна. Тус өдөрлөгт Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ, арьсны өвчин судлалын үндэсний төв, ГССҮТ болон Монос гоо сайхан зэрэг эрүүл мэндийн байгууллагууд оролцож ханиад томуу, дархлаа сайжруулах, эрчүүдийн түрүү булчирхайны бэлдмэл болон төрөл бүрийн витаминыг хямдралтай үнээр худалдаж байна. Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино насалж байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог байна. Тиймээс энэ өдөртэй холбогдуулан эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн гол эрсдэл болох архийг багасгах зорилгоор эл өдрийг архи худалдаалахгүй өдөр болгох талаар хамтран ажиллах санал хүргүүлээд байна.
Монгол эрчүүдийн дундаж наслалт 64, 68, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73,76 байгаа болон 20-34 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс гурав дахин өндөр байна. Эрэгтэйчүүдийн нас баралт насны бүх бүлэгт ихсэж байна. Энэ байдалд үндэслэн эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлага гарч байгаа юм.



















































