Жолооч, кондуктор хийх хүмүүсийг бүртгэжээ

Энэ сарын 31-ний өдөр зохион байгуулах “Автомашингүй өдөр”-ийг угтан нийслэлийн тээврийн газраас өнөөдөр “10 000 алхам” мини аяллыг зохион байгуулж байна. Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Тус аянд одоогийн байдлаар Зам, хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын номын сан, Улаанбатар музей, Байгалийн түүхийн музей, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагынхан идэвхтэй оролцож байгаа юм байна. Энэ өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 24 аж ахуйн нэгж компанийнхан “Нээлттэй хаалганы өдөрлөг” хийж, үйл ажиллагаагаа танилцуулсан байна. Тэдгээр байгууллагууд үйлчилгээний чиглэлээ олон нийтэд танилцуулахын сацуу жолооч, кондуктораар ажиллах хүсэлтэй иргэдийг ажлын байрны бүртгэлд хамруулжээ.