Замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулна

Тээврийн прокурорын газар, Замын цагдаагийн газрын ажилтнууд хамтарсан зөвлөгөөнөөрөө хэрэгжүүлж буй ажлынхаа үр дүн, мөрдөн байцаах болон хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудлаа ярилцжээ. Энэ үеэр дээрх хоёр байгууллага хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн автозамд тавьсан тэмдэг, тэмдэглэгээг шалгахаар болсон аж.
Тэд өчигдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд шалгалт хийх бөгөөд осол, зөрчил их гарч байгаа замд тэмдэг, тэмдэглэгээ, замын гэрэлтүүлгийг хэрхэн байрлуулсныг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг газар дээр нь авахаар болжээ.