

Далайн түвшнээс 5800 метрийн гүнд орших шавраас дээжлэн судлахад салхин хөдөлгүүр, iPOD зэрэг технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг нягтаршил өндөртэй үнэт эрдсүүд илэрчээ. Дээж судалгааг Токиогоос зүүн өмнө зүгт 2000 км-т орших Минамитори арлын ойролцоох далайн ёроолоос авчээ.
Япон улс 220-230 жилийн турш ашиглахад хүрэлцэхүйц буюу 6.8 сая тонн эрдэс баялгийг тус орд агуулж байгаа хэмээн эрдэмтэд итгэж байна.
Дэлхийн зах зээлд газрын ховор элементийн 90 хувийг нийлүүлдэг Хятадаас хараат Японы хувьд тус ордыг турших нь чухал ач холбогдолтой юм. Бээжин дээрх материалын экспортоо хязгаарлах нь Японы үйлдвэрлэгчдийн хувьд гол асуудал болдог аж.
“Газрын ховор элементүүд нь технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш хэрэгтэй байдаг тул Япон дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага байгаа” хэмээн Токиогийн их сургуулийн судлаач ярьжээ.
Судлаачид өнгөрсөн нэгдүгээр сард эхлүүлсэн судалгаагаа үргэжлүүлэн хийхээ мэдэгдэв.
Д.Идэр