
Шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Барилгын тухай хууль, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал, Барилга, байгууламжийн зураг төслийн галын аюулгүйн норм, Цахилгаан техникийн ажил, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм зэрэг стандарт, техникийн нормативуудын хэрэгжилтийг үзэх юм.
Шалгалтын явцад Гамшгаас хамгаалах, гал түймрийн хяналтын улсын байцаагчид нь хууль тогтоомж, стандарт, нормативын шаардлагыг хэрэгжүүлэх талаар тусгайлан олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбогдсон арга хэмжээг газар дээр нь авч гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулад заагдсан зөрчлийг арилгаагүй дараах байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.
Үүнд "Нью тур сафарис" ХХК-ний Өргөө-1 кино театр, 3-р хорооллын Бродвай сүлжээний ресторан, Соёмбо сүлжээ кино театр, "Энигма" ХХК-ний Чингисийн өргөө цогцолборын зочид буудал, ресторан, "Сандэй Плаза" ХХК-ний Сандэй Плаза худалдааны төвийн зүүн жигүүрийн хэсэг, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын ресторан, Драгон Холдинг ХХК-ний Драгон худалдааны төвийн ресторан зэрэг газрууд байна.
Шалгалт энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аюулгүй байдлаа хангаагүй байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахаа албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Чимэг