2009 онд “Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд толилуулсан
“Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй нэгэн
мюзикл хэлбэрийн жүжиг тайзнаа тавих гэж байна.

2009 онд “Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд толилуулсан “Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй нэгэн мюзикл хэлбэрийн жүжиг тайзнаа тавих гэж байна. “Гэнэтийн бэлэг” хэмээх сонирхол татам нэртэй уг жүжгийн төрөл жанрыг уран бүтээлчид нь романтик инээдмийн болон хөгжимт драмын хэмээн онцолжээ. Жүжгийн зохиолыг зохиолч Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн аж. Ерөнхий найруулагчаар нь Б.Уянга ажиллаж байгаа бөгөөд дүрүүдэд Монголын анхаарал татам жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох юм байна.
Жүжгийн дуу тун саяхнаас цацагдсан бөгөөд “Энэ дурлал гайхамшигтай” хэмээх дууг “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, “Киви” хамтлагийн дуучин Ука нар хамтран дуулжээ. Цоо шинэ өнгө төрх агуулсан энэхүү жүжиг нь энэ сарын 11-нд нээлтээ хийх бөгөөд "Тусгаар тогтнолын ордон"-ы тайзнаа тоглох юм байна.