Боловсон хүчний асуудал чухал гэв

АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг орон нутагт үргэлжилж байна. Энэ сарын таванд наран ургах нутаг Сүхбаатар аймагт ээлжит хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт АН-ын Нарийн бичгийн дарга Д.Анхбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь, Засаг даргын орлогч н.Хосбаяр болон тус аймгийн 13 сумын төлөөлөл болох 200 гаруй гишүүд оролцож намын дүрмийг хэрхэн шинэчлэх талаар нээлттэй хэлэлцлээ. Тухайн нам аливаа сонгуульд ялсан ч ялагдсан ч ард түмнээс шууд хамааралтай байдаг. Тиймээс намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг улсын хэмжээнд гишүүдийнхээ дунд хэлэлцүүлж байгаад гишүүд талархалтай буйгаа энэ үеэр хэлж байв.
Намын үйл ажиллагааг сайжруулахын тулд боловсон хүчний асуудал чухал ч ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг удирдах албан тушаалд томилох хэрэгтэй. Ингэхдээ намын идэвхтэн гишүүдтэйгээ нээлттэй ярилцаж сонгож байх нь чухал. Учир нь намын ажлыг огт мэддэгүй хүмүүс намд ажиллаж намын ажлыг доош татаж байна. Энэ байдлыг таслан зогсоох тал дээр анхаарах хэрэгтэйг Сүхбаатар аймгийн намын гишүүд сануулж байв. Мөн сонгууль дөхөхөөр намынхаа гишүүдэд хайр зарладаг байдлаа болих, доод шатандаа хэл амаа ололцох нь чухал. Шат шатандаа хариуцлагатай байх юм бол ажил ургашилж бүтээмж дээшилнэ гэдгийг ч хэлж байсан юм.