
МХЕГ-ын хурлын танхимд 09.00-18.00 цагт “Үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагуудын даралтат сав, шугам хоолой, цахилгаан болон хийн хангамж, тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд тавигдах шаардлага, анхаарах асуудлууд” сэдвээр инженер техникийн ажилтан, ажиллагсдад сургалт зохион байгуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгох аяны хүрээнд дэд бүтцийн асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах бүх шатны төлөөлөл оролцсон дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг 09:00-12:00 цагийн хооронд Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд болно.
Монголын нөхцөлд хийгдэх авто замын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний стандартын талаар 10:00 цагт ”Континенталь” зочид буудлын хурлын танхимд хэлэлцүүлэг болно.
12.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Хөшөөтийн нүүрсний ордын давж заалдах гомдлыг шүүх нуун дарагдуулж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон зарим нэг чухал баримтыг устгасан талаар ”Хүний эрхийн хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
MN мэдээллийн төвд 11.00 цагт Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга асан С.Машлай тамгаа хүлээлгэж өгөхгүй, үйл ажиллагаанд нь саад учруулж байгаа талаар сумын Засаг дарга болон ИТХ-ынхан мэдээлэл хийнэ.