
Харин гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг энэ сарын 30-ны өдрөөс өмнө зохион байгуулах комиссыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн СЕХ байгуулах юм байна. Мөн гадаадад байгаа иргэн санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 25 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байх Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлж болно.
УИХ-д суудалтай улстөрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 10 хоногийн дараа эхлүүлж, мөн хугацаанд дуусгана. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 3-12-ны өдрийг дуустал үргэлжлэх аж. Дараагийн тав хоногт нэр дэвшигчээ тодруулсан улстөрийн намууд тэдэнтэй холбогдсон баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэх ёстой гэнэ. Улмаар СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногт нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно.