Хүйтэн сэрүү орж, Улаанбаатарын утаа ихсээд ирэхээр, хавар болж урин дулаан цаг ирж, хүмүүс хэт эрт нимгэлэн даарч хөрөх зэрэг шалтгаануудаас хүн амын дунд ханиад томуу тархадаг.

Хүйтэн сэрүү орж, Улаанбаатарын утаа ихсээд ирэхээр, хавар болж урин дулаан цаг ирж, хүмүүс хэт эрт нимгэлэн даарч хөрөх зэрэг шалтгаануудаас хүн амын дунд ханиад томуу тархадаг. Ханиад хүнд өвчин биш гэж манайхан ойлгодгоос ханиад хүрсэн ч барагтай бол эмчийн магадлагаа авахгүй ажил, сургуулиа үргэлжлүүлэн бусдад халдвар тараах, өвчнөө үгдрүүлэх явдал элбэг байдаг. Иймд ханиад хүрэхгүйн тулд урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг, хэрэглэдэг, тэгээд сайжрахгүй бол эмчид үзүүлэн зөвлөгөөг нь дагах хэрэгтэй. Ханиад нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгдэх халдварт өвчин. Ханиадыг үүсгэгч вирус нь хэт олон төрөлтэй байдаг тул хүний бие организм тэдгээрийн эсрэг тэмцэхэд хангалттай эсэргүүцлийн тогтолцоог бий болгож чаддаггүй. Тийм ч учраас ханиад нь олон удаа гарч тэр хэмжээгээрээ түгээмэл өвчинд тооцогддог. Зарим судалгаагаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд жилд дунджаар есөн удаа ханиад тусдаг бол насанд хүрэгчид дунджаар долоон удаа тусдаг гэсэн тооцоо байдаг. Улаанбаатарынханы хувьд энэ тоо илүү олон байж болох юм.