Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр 09 цаг 34 минутад эхэлж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулж, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ш.Бямбасүрэн, М.Бадамсүрэн нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбогдуулан санал хэлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний олонх дэмжиж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Очират, Д.Энхтүвшин нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.