АНУ-ын сенатч Чак Шумер прокурорууд Бостон хотын дэлбэрэлтэд сэжиглэгдэж буй Жохар Царнаевт үхэх ял төлөвлөх хэрэгтэй хэмээжээ.

АНУ-ын сенатч Чак Шумер прокурорууд Бостон хотын дэлбэрэлтэд сэжиглэгдэж буй Жохар Царнаевт үхэх ял төлөвлөх хэрэгтэй хэмээжээ. Тэрээр өчигдөр “CNN” телевизд ярилцлага өгөх үеэрээ халдлагын талаар санал бодлоо хуваалцсан байна. Сэтгүүлч Кэнди Кроули түүнээс “Хэрвээ сэжигтэн Жохар Царнаев дэлбэлсэн нь нотлогдвол Массачесеттс мужийн хуульд хориглосон ч гэсэн цаазаар авах ял оноох нь зөв үү” хэмээн асуужээ.
Сенатч “Нэгдсэн улсын хуулинд цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэхүү харгис хэрэгт зөвхөн мужийн хуулиар хандах бус нэгдсэн улсын хуулийн дагуу цаазаар авах ял оноох нь зүйтэй” гэж хариулсан байна.
Жохар Царнаев нь өнгөрсөн баасан гарагт баривчлагдсан бөгөөд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Халдлагыг хамт үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байсан түүний ах Тамерлан Царнаев баривчилгааны үеэр цагдаа нартай буудалцаж амиа алдсан юм.
Д.Идэр