
Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Норовын Алтанхуягийн урилгаар Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Йинглак Чинават 2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн урилгаар “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ын нээлтийн ажиллагаанд Хүндэт зочноор оролцов.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд хатагтай Ч.Йинглак Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хоёр талын хэлэлцээ хийв.
Харилцааны шинэ хуудас
Тайландын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж буй анхны энэ айлчлал нь монгол-тайландын харилцаанд шинэ хуудас нээснийг Ерөнхий сайд нар санал нэгтэй тэмдэглэв.
Ерөнхий сайд хатагтай Ч.Йинглак ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийг бий болгох, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах талаар Монгол Улсын сүүлийн үед олсон ололт амжилт амжилтыг өндрөөр үнэлж, Ази, Номхон далайн бүс нутагт болон олон улсын тавцанд идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж ирснийг сайшаав. Мөн Тайландын Вант Улсын Засгийн газар Монгол Улстай найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Тайландын Ерөнхий сайд дахин нотлов.
Ирээдүйн хамтын ажиллагааны үндэс суурь
Ерөнхий сайд нар “Монгол Улсын Засгийн газар, Тайландын Вант Улсын Засгийн газар хоорондын Зөвлөл байгуулах тухай санамж бичиг”, “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Тайландын Вант Улсын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Тайландын Худалдаа, үйлдвэрлэл, банкуудын хамтарсан байнгын хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд байлцав.
Өндөр, дээд түвшний айлчлал
Ерөнхий сайд нар хоёр орны хооронд өндөр, дээд түвшинд харилцан айлчлах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, ялангуяа Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны Монгол Улсад хийсэн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын Тайландын Вант Улсад хийсэн айлчлалууд нь хоёр талын хамтын ажиллагаанд чухал түлхэц болсныг сайшаав.
Засгийн газрын тэргүүн болон сайд нар, парламентын гишүүд, ахлах албан тушаалтнууд зэрэг бүх түвшинд төлөөлөгчид харилцан айлчлуулах явдлыг дэмжиж ажиллахаар хоёр тал тохиролцов.

Зах зээл, импорт, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын салбарын хувьд хамтран ажиллах эдийн засгийн үлэмж нөөц боломж хоёр улсад байгаа талаар Ерөнхий сайд нар санал нэгтэй байв.
Талууд монгол, тайландын худалдааны эргэлтийг дараагийн гурван жилд (2014-2017) хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцов. Уг зорилтыг хэрэгжүүлэх үүднээс “Монгол, Тайландын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар мөн тохиролцов.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайландын хөрөнгө оруулагчдын төлөөлөл Монгол Улсад бий болсоныг сайшаан тэмдэглэж, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, аялал жуулчлал, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж ажиллахыг тайландын хөрөнгө оруулагчдад уриалж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд нар “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Хэлэлцээр” нь хоёр улс хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих эрх зүйн чухал баримт бичиг болохыг тэмдэглэж, энэхүү Хэлэлцээрийг байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Техникийн хамтын ажиллагаа
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн шилжилтийн үед техникийн хамтын ажиллагааны туслалцаа үзүүлэх, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар дэмжлэг үзүүлж ирсэнд Тайландын Засгийн газарт Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлэв. Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн өнөө үед ч Тайланд Улсын техникийн хамтын ажиллагааны туслалцаа дэмжлэг чухал болохыг монголын тал тэмдэглэв.
Тайландын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТАЙКА) болон тайландын холбогдох бусад агентлаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагаар дамжуулан Тайландын Засгийн газар цаашид ч техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд Ч. Йинглак дахин нотлов.
Олон нийтийн сурталчилгаа, соёлын хамтын ажиллагаа
Ерөнхий сайд нар Монгол, Тайландын иргэд харилцан бие биенээ таних, ойлголцохын чухлыг хүлээн зөвшөөрч, хоёр улс хэлхээ холбоог бүх түвшинд идэвхижүүлэх тухайлбал, төрөл хотын харилцаатай Улаанбаатар, Бангкок хот, Парламентын бүлгүүд, Монгол-Тайландын эдийн засгийн хамтын ажиллагааны Нийгэмлэг зэрэг бүтцийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллах талаар санал нэгдэв. Ерөнхий сайд нар бурханы шашин, зан заншил, түүхийн холбоо зэрэг соёлын төстэй байдал бүхий хоёр орны хувьд 2014 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг ёслон тэмдэглэх хүрээнд соёл, боловсролын арга хэмжээг тус тусын оронд харилцан зохион байгуулахаар тохиролцов.
Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа
Ардчилал, хүний эрх, байгаль орныг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах асуудал нь хоёр улсын хувьд нийтлэг үнэт зүйл болохыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг түгээн дэлгэрүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлохын зэрэгцээ терроризм, хар тамхи, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын энхийг сахиулах төрөл бүрийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаар Ерөнхий сайд нар тохиролцов.
Бүс нутгийн түвшинд, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох, мөн АПЕК-т гишүүн орноор элсэх Монгол Улсын хүсэлтийг Ерөнхий сайд хатагтай Ч.Йинглак анхааралдаа авав. Мөн Монгол Улс АСЕАН-д байнга суух анхны Элчин сайдаа томилсоныг сайшаав.

Олон улсын түвшинд, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд амжилттай тэргүүлж ирсэнд Ерөнхий сайд хатагтай Ч.Йинглак баяр хүргээд, АОХН-ийн дарга орны хувьд дэвшүүлсэн ардчиллын боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тайланд Улс Ардчиллын төлөөх Азийн түншлэл санаачлага нь бүс нутагт ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх үндэс суурь болохыг тэмдэглэн, уг санаачилгад нэгдэн орохыг урьсан Монгол Улсын хүсэлтэд талархав.
Ерөнхий сайд нар НҮБ, түүний системийн байгууллага болон олон улсын бусад байгууллагын сонгуульд бие биеийн дэвшүүлсэн нэр дэвшигчийг дэмжих асуудлыг нааштай авч үзэж байх талаар санал солилцон тохиролцов.
Цаашдын чиглэл, авах арга хэмжээ
Ерөнхий сайд нар шинээр бий болгосон хоёр талын хамтын ажиллагааны механизм болон бусад сувгийг ашиглан хамтын ажиллагаагаа ирэх жилүүдэд бодит үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллахаар тохиролцов.
Энэ зорилгооор, “Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2014 онд Тайланд Улсад хийх санал, мөн ирэх онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Тайланд Улсад айлчлахыг урьсан Ерөнхий сайдын урилгыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархан хүлээж авав.