Эрүүл мэндийн сайд Н.Удвал томоохон эмнэлэгийн дарга нарын томилгоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан байна. Тэрээр улсын томоохон эмнэлгүүдийн даргыг сонгон шалгаруулах явцад нөлөө орсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Одоогийн байдлаар Клиникийн I эмнэлгийн даргаар Б.Бямбажав, II эмнэлгийн даргаар Г.Баясгалан, Шастины нэрэмжит III эмнэлгийн даргаар Л.Баярцэцэг, Геронтологийн төвийн даргаар Р.Оюунханд, Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдлийн даргаар Ш.Энхтөр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар А.Цогцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар н.Ганчимэг нар томилогдоод байгаа. Дээрх эмнэлэгийн дарга нарын томилгоо анхнаасаа хэл ам дагуулж байсан билээ. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар өвчтөний түүхийг өөрчилсөн хэмээн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа Л.Баярцэцэгийг томилсноос эхлээд тус томилгоо хуудуутай болсон нь олон нийтэд ил болсон.
Л.Баярцэцэг эмч нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан төрсөн ах Л.Батмөнхийг ялаас мултлах зорилгоор элэгний хүнд өвчтэй гэсэн онош тавьсан.
Ингэхдээ эмнэлгийнхээ төв сервер рүү тус эмнэлгийн эмч А.Баярзаяа нарт үүрэг өгч нэвтрүүлэн ахынхаа өвчний оношийг өөрчлүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад эмнэлгийн их эмч А.Баярзаяа, лаборант Д.Оюунсүрэн, Ба.Сувд нараас мөрдөн байцаагчид мэдүүлэг авч, тэд хэргээ хүлээсэн билээ. Тиймээс Л.Баярцэцэгт Эрүүгийн хуулийн 245.2, 226-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Н.Удвал сайдын хуулийн байгууллагад хүргүүлсэн 1а/1509 тоот албан бичигт “Тагнуулын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэрийг барьсан хүн сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийг дарамталсан, үйл ажиллагаанд нь нөлөөлөхийг оролдсон байна. Дээрх үйлдлийг хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтэй байна” гэсэн байжээ.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (5)