
76 настай Жиро Фукуда 36 настай жудоч эмэгтэйг 2011 онд Токио хотын метроны цахилгаан шатаанд явахад нь хүчээр тэвэрч, үнсэхийг оролдсон байна. Хоёр жилийн өмнө болсон энэхүү хэргийг бэлгийн дарамтад өртсөн гэх тамирчин Норико Мизогучи өнгөрсөн пүрэв гарагт спортын салбар дахь доромжлолыг устгах тухай симпозиумын үеэр илчилсэн байна. Тухайн үед Жиро Фукудог халмцуу байсныг мөн мэдээлжээ.
Эмэгтэй тухайн үед хэрэг явдлын талаар холбогдох байгууллагад гомдоллож байсан ч тодорхой арга хэмжээ аваагүй байна. Харин Жудогийн холбоо хэргийг мөрдөж эхэлсэн байна.
Сүүлийн үед тус холбооны ахмадууд бэлгийн дарамтын хэрэгт ихээр холбогдох болсон юм. Өнгөрсөн нэгдүгээр сард жудогийн 15 эмэгтэй тамирчин Лондонгийн олимпийн бэлтгэлийн үеэр үндэсний дасгалжуулагч бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутгаж байсан юм. Мөн 2011 оны хоёрдугаар сард Олимпийн хоёр удаагийн аварга, жудоч Масато Учишиба клубынхээ гишүүн эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр таван жилийн ял авсан аж.
Жудо бөх нь Японд үүссэн бөгөөд 1964 оны Токиогийн Олимпийн наадмаас эхлэн олимпийн төрөлд багтах болсон байна.
Д.Идэр