
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан урьдчилсан төлвөөр өнөө маргаашдаа нийт нутгаар дулаахан байх бол нөгөөдрөөс сэрүүсэх юм байна. Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, маргааш зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар бороо орно. Мөн говь талын нутгаар зарим газар салхи түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Түүнчлэн Хэнтий нуруунаас усжих Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны төвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, Сэлэнгэ, Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар орчмоор олон жилийн дундаж төвшинг 30-45 см, Туул гол Алтанбулаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн төвшинг 5-10 см давжээ. Өнөөдөр Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо таван см нэмэгдэж, үерийн түвшинг давах тул голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.
24tsag.mn