Хоёр Солонгосын үйлдвэрлэлийн хамтын бүс “Кайсон”-д Хойд Солонгос хориг тавьснаар үйл ажиллагаа нь бүрэн зогсоод долоо хонож байгаа. Харин энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгос Өмнөдөд үйлдвэрлэлийн бүсийн талаар хэлэлцэх санал тавьсныг зөвшөөрсөн билээ. Тэгвэл энэхүү хэлэлцээг ирэх долоо хоногт хийхээр болсон байна. Өмнөд Солонгос Хойд Солонгостой хийх сайдын түвшний хэлэлцээг энэ сарын 12-ны өдөр хийнэ хэмээн мэдэгдлээ.
Хойд Солонгосын хилд байрлах 2003 онд байгуулагдсан “Кайсон” үйлдвэрлэлийн бүс нь тус улсын хувьд ихээхэн ашиг өгдөг бүс билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын хойгийн байдал хурцадсанаас Хойд Солонгос Өмнөдийн 120 үйлдвэрийн 53 мянган ажилтанг тус бүсээс гарахыг шаардсан юм.
Хэлэлцээг хоёр Солонгосын итгэлцлийг сайжруулсан алхам болно хэмээн үзэж байна.
Д.Идэр

























































