
Албаны хүмүүс нас дээр гарсан алдарт удирдагчийн биеийн байдал маш муу байгаа талаар өнгөрсөн бямба гарагт мэдээлснээс хойш дахин мэдэгдэл хийгээгүй байна. 94 настай Нельсон Мандела бямба гаргийн өглөө нийслэл Претори хотын эмнэлэгт хүргэгджээ.
Харин Өмнөд Африкийн “Sunday Times” сонинд “Түүнийг явуулах цаг болсон” хэмээх гарчигтай томоохон нийтлэл гарсан нь өмнөд африкчуудын сэтгэлийг улам үймрүүлжээ. Нельсон Манделагийн дотны анд Эндрью Млангени гэр бүл, найз нөхөд нь түүний андыг сэтгэл санааны хувь чөлөөлж бурхны гарт өгөх ёстой хэмээн хэлснээс энэхүү нийтлэл иш татасан байжээ.
Нельсон Манделагийн эхнэр Граса нислэгээ хойшлуулж нөхрөө сахиж байгаа юм байна. Энэ жил гурав дахь удаагаа эмнэлэгт хүргэгдсэн Нельсон Мандела 1994-1999 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээх шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсон юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.
Д.Идэр