Өмнөд Африкийн эрх баригчид ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хэвтэж буй эмнэлгийн хамгаалалтыг өндөржүүлсэн талаар “CNN” мэдээллээ. Цагдаа нар эмнэлгийн бүх хаалга төдийгүй төмөр хашааг сахиж байна. Мөн дотогш орж буй машинуудыг сайтар шалгаж байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт нийслэл Претори хотын эмнэлэгт хүргэгдсэн тэрээр одоо эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. 94 настай Нельсон Манделагийн биеийн байдал тогтвортой байна хэмээн мэдээлж байгаа ч харуул хамгаалалтыг бэхжүүлж буй нь олны дунд эргэлзээ төрүүлж байна.
Энэ жил уушигны халдварын улмаас гурав дахь удаагаа эмнэлэгт хүргэгдээд буй Нельсон Манделагийн биеийн байдал сүүлийн жилүүдэд эрс дордсон юм. Тэрээр 2010 онд Өмнөд Африкт зохиогдсон хөл бөмбөгийн ДАШТ-ээс хойш олны өмнө гараагүй билээ.
Д.Идэр

























































