
2004 оноос хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больсон Нелсон Мандела уушигны халдвар болон цөсний чулууны улмаас 12 сарын эхээр хагалгаанд орж, юм ярьж чадахгүй болтлоо доройтож байсан юм. Тэрбээр энэ жил гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтээд байгаа бөгөөд тус улсын иргэд бие нь сайжраасай хэмээн залбирсаар байгаа юм.
Эмч нар Нелсон Манделагийн биеийн байдал эгзэгтэй байгааг хэлсэн бөгөөд эхнэр нь эмнэлэгт сахиж, гэр бүлийнхэн нь ойр ойрхон эргэж байгаа аж.
Нелсон Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээх шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсон юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.
Сэтгэгдэл (1)