Хойд Энэтхэгийн үерт боогдсон иргэдийг аврах ажиллагаанд дайчлагдсан нисдэг тэрэг осолдсоноор найман хүн амиа алджээ.

Хойд Энэтхэгийн үерт боогдсон иргэдийг аврах ажиллагаанд дайчлагдсан нисдэг тэрэг осолдсоноор найман хүн амиа алджээ. Энэтхэгийн агаарын хүчний мэдээлснээр хохирогсдын тав нь багийн гишүүн, гурав нь энгийн иргэн байсан байна. Үерийн голомт болсон Уттараханд мужийн иргэдийг аврах ёстой нисдэг тэрэг доогуур нисч явах үедээ уул шүргэснээс болж осолдон гол руу унажээ.
Их үерийн улмаас тус улсын цэргийн хүч аврах ажиллагаанд дайчлагдаж байгаа юм. Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн Уттараханд мужийн үерт багадаа 800 гаруй хүн амиа алдсан хэмээн мэдээлж байна. Мөн 97 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна.
Энэ сарыг Энэтхэгийн түүхэнд сүүлийн 80 жилд байгаагүй борооны улирал болж байна гэлээ.
Д.Идэр