Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морси жагсагчдад хандан эмх замбараагүй байдлын эрсдлийн талаар анхааруулга өгчээ.

Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морси жагсагчдад хандан эмх замбараагүй байдлын эрсдлийн талаар анхааруулга өгчээ. Тэрээр өчигдөр олон нийтийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Улс төрийн хагарал, зөрчил манай оронд дөнгөж тавигдаж буй ардчиллын замд заналхийлж байна. Энэ байдал цааш үргэлжилбэл үндэстэн даяар эмх замбараагүй байдал үүсэх аюултай” хэмээн хэлжээ. Мөн сөрөг хүчнийхэнд хандан “Хэрвээ Засгийн газрыг өөрчлөхийг хүсвэл сонгуульд оролц” гэж хэлсэн байна.
Өчигдөр Мохаммед Морсиг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөр хоёр хүн амиа алдаж, 170 хүн бэртэж гэмтжээ.
Жагсагчид ирэх ням гарагт томоохон хэмжээний жагсаал хийхээр төлөвлөж байгаа аж. Жагсаалыг зохин байгуулж буй бослого хөдөлгөөний мэдээлснээр 20 мянган хүн энэхүү жагсаалд нэгдэхээр гарын үсэг зурсан байна. Эсэргүүцэгчид Мохаммед Морсиг албан тушаалаа нэр төртэй гүйцэтгэж чадахгүй байгаа учраас хариуцлага хүлээж, огцрох ёстой хэмээн шаардаж байна.
Д.Идэр