Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан 94 настай Нелсон Манделагийн биеийн байдал сайжирч байгаа талаар таатай мэдээлэл иржээ. Өчигдөр энэ мэдээллийг сонсоод олон зуун хүн түүний хэвтэж буй эмнэлгийн өмнө цугларч, хамтдаа залбирсан байна. Мөн Нелсон Манделагийн биеийн байдал дээрдснийг тэмдэглэн бүжиглэжээ. Менделагийн бие лхагва гарагийн орой сайжирчээ. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума "Түүний бие тааруу байгаа ч тогтворжсон. Би Мозамбик улсад хийх айлчлалаа хойшлуулсан байгаа. Түүний биеийн байдал өчигдөр сайжирсан нь харагдаж байсан" гэсэн байна.
Энэ зуур Жакоб Зума болон Засгийн газар иргэдийн сэтгэл санааг дэмжих гэж ийм мэдээлэл хийлээ гэх шүүмжлэл гараад байсан юм. Тэрбээр "Ийм цуу яриа тархсанд харамсаж байна. Манделагийн биеийн байдал тогтоворжсонд баяртай байна. Бүгдээрээ гар гараасаа барин түүний төлөө залбирцгаая" гэжээ.
Т.Гэрэл
























































