Бразилийн жагсагчид Холбооны аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолтын үеэр цагдаа нартай дахин мөргөлджээ. Аваргын төлөө зохион байгуулагч Бразиль болон Испанийн баг Рио Де Жанейро хотод өрсөлдсөн юм. Маракана хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд тоглолт дөнгөж эхлэх үед жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн учраас цагдаа нар нулимс асгаруулч хий цацаж тараажээ.Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссифф хаалтын тэмцээнд оролцохоос татгалзсан байна. Учир нь түүнийг тэмцээнийг нээх үед олон мянган жагсагч дургүйцлээ илэрхийлсэнтэй холбоотой аж.
Хагас сарын өмнө нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмсэнийг эсэргүүцсэн жагсаал сүүлдээ Засгийн газрыг шүүмжилж, олон асуудлыг шийдэхийг шаардаж эхэлсэн юм. Эдгээр асуудлын нэг нь 2014 хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразиль асар их хэмжээний мөнгийг тэмцээнд төсөвлөснийг шүүмжилж байгаа юм. Мөн эрүүл мэнд, боловсрол, зам тээврийн асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байна.
Холбооны цомын төлөөх тоглолтод Бразиль Испанийн багийг 3:0 харьцаагаар ялжээ.
Д.Идэр


























































