АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбооны зарим газруудыг тагнах зорилгоор тусгай программ бүтээж ашиглаж байсан талаар Германы сэтгүүл “Der Spiegel” мэдээллээ. Энэхүү сэтгүүлд гарсан мэдээлэл олон улсын анхаарлын төв болоод байна. “АНУ Европын иргэдийн харилцаа холбоог тагнаад зогсохгүй холбооны томоохон байгууллагуудыг ч чагнадаг байжээ” хэмээн сэтгүүл бичжээ.
Сэтгүүл энэхүү мэдээллийг АНУ-ын Тагнуулын төв газарт мэдээллийн инженерээр ажиллаж байсан Эдвард Сноуденээс авах боломжтойг ч мөн дурджээ. Эдвард Сноуден өнгөрсөн сард Хонконгд хорогдож байхдаа Үндэсний аюулгүй байдлын агентлагийн “Призм” хөтөлбөр иргэдийн цахим шуудан, утасны дуудлагыг чагнаж байсан талаар илчилсэн юм.
2010 оны есдүгээр сар гэсэн он сартай, “маш нууц” хэмээн ангилагдсан баримт бичиг Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбоог дипломат зорилгоор Вашингтоноос тагнаж байсныг хангалттай нотолно гэж сэтгүүл мэдэгджээ.
Учир нь чагнах тусгай программыг Европын холбооны барилгууд болон дотоод сүлжээнүүдэд суулгасан байжээ. Тиймээс сүлжээнд АНУ-ын мэдээллийн тусгай ажилтнууд чөлөөтэй нэвтэрч, мэдээлэл авах боломжтой болсон байна.
Европын холбооны Нью-Йорк хот дахь төлөөлөгчид ч мөн программын хараанд аль хэдийн өртсөн байжээ.
Энэхүү мэдээллийн дараа Европын холбоо Барак Обамагийн Засгийн газрыг Европын иргэдийн эрхэнд халдаж, сөрөг үр дагавар гаргахгүй байхыг сануулсан байна. Мөн эл асуудлаар түргэн хугацаанд бодит тайлбар хийхийг шаарджээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)