Өмнөд африкчууд домогт удирдагч Нельсон Манделагийн төрсөн өдөрт бэлдэж эхэлсэн тухай Ерөнхийлөгч Якоб Зума мэдээллээ. Нийслэл Претори хотын эмнэлэгт хэвтэж буй Нельсон Мандлеа энэ сарын 18-ны өдөр 95 насыг зооглох юм. “Бүх өмнөд африкчууд Мадибагийн төрсөн өдрөөр түүний үйл хэргийг хүндэтгэн хүмүүнлэгийн сайн санааны ажил хийх болно” хэмээн Ерөнхийлөгч мэдээлжээ.
Нельсон Мандела өнгөрсөн сарын наймны өдөр уушигны халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэж, бие нь сайнгүй байна. Тэрээр Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрхи шоронд өнгөрүүлсэн юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.
Д.Идэр

























































