Өчигдөр олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл хийлээ. ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жероме Валкегийн мэдээлснээр ирэх онд Бразильд зохион байгуулагдах ДАШТ-ний тоглолтын тасалбар хийгээд бусад үзвэр үйлчилгээ хөлбөмбөгийн түүхэнд хамгийн хямд байх болно гэлээ. Тоглолтын тасалбарын үнийг энэ сарын 19-ны өдөр зарлах юм.
Мөн ФИФА-гийн Ерөнхийлөгч Сепп Блатер зохион байгуулагч орны зарим асуудалд санаа зовниж буйгаа мэдэгдсэн байна. Сепп Блатер ДАШТ-ний тэмцээний төсвийг эсэргүүцэж буй Бразилийн ард иргэдийн жагсаал удахгүй намжина гэдэгт, мөн эрх баригчдыг тэмцээний үеэр аюулгүй байдлыг сайтар хангана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэмцээн зохиогдох гол барилга байгууламжууд баригдаж дууссан ч нарийн хүрээнд явагдах арга хэмжээ тодорхойгүй байгааг сануулжээ.
2010 онд Өмнөд Африкт зохиогдсон ДАШТ-ний тасалбар тоглолтын үе болон суудлын зэрэглэлээс хамаарч 70-6300 ам.долларын үнэтэй байсан юм.
Д.Идэр

























































