АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуден Ерөнхийлөгч Барак Обамаг орогнол хүсэх эрхийг нь боогдуулж байна хэмээн буруутгалаа. Түүний энэхүү мэдэгдэл үзэл бодлыг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн Жулиан Ассанжийн “Wikileaks” сайт дээр гарчээ. Энэ нь Эдвард Сноудений өнгөрсөн сарын 23-ны өдөр Москва хотын Шерметовын онгоцны буудалд бууснаас хойшхи анхны мэдэгдэл болж байна.
Тэрээр “Барак Обама Дэд Ерөнхийлөгч Жой Байденд миний орогнол хүссэн хүсэлтийг хүлээн авахгүй байхыг тухайн улсуудын эрх баригчдад анхааруулахыг үүрэгдсэн” гэж бичжээ. Мөн “Худал хуурмагийг халхлах, хуулийн хүрээнд цагаачлах эрхийг боогдуулах нь дэлхийн удирдагчийн шударга ёсонд нийцэхгүй” гэжээ.
Оросын Гадаад хэргийн яамны мэдээлснээр 30 настай Сноуден өнгөрсөн ням гарагт ОХУ-аас орогнол хүссэн юм. Мөн нийтдээ 15 улсад орогнох хүсэлт илгээсэн тухай ч мэдээлсэн билээ. Кремль түүний хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Д.Идэр

























































