Өчигдөр Египетийн арми төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Мохаммед Морсиг албан тушаалаас нь огцруулан түр Засгийн газрын тэргүүнийг зарласан. Тэгвэл Морсиг хэрэгт буруутган байцааж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Мохаммед Морси болон түүний Лалын ахан дүүс намын 35 гишүүнийг баривчлаад байгаа аж. Тус намын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ноён Морсиг Каир хотод баривчилсан бөгөөд одоо Батлан хамгаалахын яаманд хорьж байгаа аж. Мөн лалын ахан дүүсийн 300 гишүүнийг баривчлахаар нэрийг нь гаргасан байна. 2011 онд Хосни Мубаракын эсрэг үймээний үеэр Лалын ахан дүүсийн олон гишүүн шоронгоос оргосон хэрэгт эдгээр дээрх хүмүүсийг буруутгаж байна.
Ерөнхийлөгч агсныг дэмжигчид болон эсэргүүцэгчид мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн амиа бэртэж гэмтжээ.
Египетийн армийхан Морсид үйлчилдэг Лалын телевизүүдийг хаасан байна. Харин Лалын ахан дүүсийн албан ёсны веб хуудсанд анхны чөлөөт сонголтоор сонгогдсон Ерөнхийлөгчөө огцруулахгүйн төлөө тэмцэхийг уриаллаа.
Д.Идэр

























































