Инфляцийн гол хэмжүүр болох хэрэглээний үнийн ерөнхий түвшин БНХАУ-д өнгөрсөн сард 2.7 хувь хүртэл өссөн талаар Хятадын Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэхүү үзүүлэлт өнгөрсөн тавдугаар сард 2.1 хувьтай байсан юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хэрэглээний үнийн гол өсөлт хүнсний салбарт бий болсон байна. Энэхүү үзүүлэлт нь эдийн засагчдын 2.6 хувьд хүрнэ гэсэн таамаглалаас дөнгөж л илүү байгааг холбогдох албаныхан онцолсон байна. Харин бөөний үнийн индекс унаж өнгөрсөн сард 2.7 хувьд хүрчээ.
Өнгөрсөн жил Хятадын эдийн засгийн өсөлт 7.8 хувь хүртлээ унасан нь 1999 оноос хойшхи хамгийн сул үзүүлэлт болсон билээ. Харин энэ тоо 2013 оны эхний хагас жилд 7.7 хувь хүрч хөгжил улам удааширчээ. Энэ оны хоёрдугаар улиралд тус улсын эдийн засгийн өсөлт хэр хэмжээнд хүрсэн тухай энэ сарын 15-нд мэдээлэх юм байна.
Б.Билэгт

























































