ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Москва хотын Шерметовын онгоцны буудалд гацсан Эдвард Сноудены талаар ам нээлээ. Тэрээр АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-аас гарч чадахгүй байгаа нь АНУ-ын эрх баригчдын нөлөөтэй үйл ажиллагаа гэж үзсэн байна. В.Путин хэрвээ Сноуден онгоцны буудлаас явах боломжтой байсан бол явчихсан байх байлаа гэжээ. Путин тагнуулын мэдээллийн ажилтан Сноуденд Латин Америкийн олон орнууд орогнуулах саналаа ирүүлээд байгаа ч тэрээр ямар ч бичиг баримтгүйн улмаас Москвад гацчихаад байна гэлээ.
Ерөнхийлөгч Путин Сноуденыг АНУ-д шилжүүлэхээс татгалзсан хэдий ч Америкийн тагнуулын мэдээг цацахаа зогсоосон тохиолдолд л орогнуулах хүсэлт олгоно гэсэн байр суурьтай байна.
Сэтгүүлчид Сноуденд цаашид юу тохиолдох тухай асуухад Путин “Би мэдэхгүй байна. Энэ бол түүний л амьдрал. Тэр манай нутагт урилгагүй ирсэн. Гэхдээ манай улс түүний очих ёстой эцсийн зогсоол байгаагүй. Манай Америкийн хамтрагчид түүний цааш явах замыг хаасан” гэж хариулжээ.
Эдвард Сноуден өнгөрсөн сарын 23-ны өдрөөс хойш Шерметовын онгоцны буудалд байна. Тэрээр 21 орноос улс төрийн орогнол хүссэн юм. Болив, Никарагуа, Венесуэл түүнийг орогнуулахыг хүлээн зөвшөөрсөн ч Сноуден бичиг баримтгүйн улмаас дамжин өнгөрөх хэсгээс гарч чадахгүй байна.
Д.Идэр

























































