Өнгөрсөн ням гарагт Франц Бастилийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Баярын арга хэмжээний үеэр тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд сүүлийн хоёр сард нууц байдалд хэвлэгдсэн шинэ маркыг иргэдэд танилцуулсан байна. Залуухан үзэсгэлэнт бүсгүйн зурагтай марк тус улсад маргаантай байдал үүсэхэд хүргэжээ. Марк дээрх зургийн эзэн бол хувьсгалын билэг тэмдэг болсон Марианне гэх бүсгүй аж. “Le Parisien” сонины мэдээлснээр хувьсгалын баатар Марианне эмэгтэйг зурсан зураачид шуугиан дэгдээсэн байна. Учир нь түүний бодит дүрээс арай өөр болсон маркын зургийг зурахдаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “FEMEN” бүлэглэлийг үүсгэн байгуулагч Инна Шевченког харж зурсан гэжээ.
Украйн гаралтай Инна Шевченко нь Францад маш олон удаа цээжээ нүцгэлэн жагсаж байснаараа нэрд гарчээ. Гэхдээ тус бүлэглэлийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй болон тус бүлэглэл өөрсдөө эсэргүүцдэг нийгмийн олон бүлгийнхэн маркыг эсэргүүцэж эхэлсэн байна.
Тухайлбал, Францын Христосын ардчилал намын тэргүүн асан Кристин Боутин маркыг эсэргүүцэхийг уриалсан байна. Мөн тус улсын сөрөг хүчнийхэн маркын дизайныг хүчингүй болгохыг шаардсан өргөх бичгээ Ерөнхийлөгч Франсуа Олландад өргөхөө мэдэгдлээ.
Д.Идэр

























































