
2012 оны 12-р сарын 4-нд дунд Дарь эхийн замд марк, дугаар нь тодорхойгүй автомашинтай жолооч хоёр автомашиныг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан байгаа. Тэгвэл эл хэргийг Ц.Бат-Оргил гэх залуу үйлдсэн болохыг Замын цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж байна. Мөн энэ онд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний урд талын замд сейр марк тодорхойгүй цагаан өнгийн автомашины жолооч автомашин мөргөчихөөд осол хэргийн газраас зугтсаныг Д.Ерөөжив гэх хүн үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн энэ оны зургаадугаар сард 16.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын гудамжинд байрлах хашаа руу согтуугаар автомашин жолоодож явсан хүн дайрч, хашаандаа тоглож байсан 11 настай С-ийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулан хэргийн газраас зугтаасан байна. Тэгвэл Б гэгч нь үйлдсэн болохыг Замын цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна. Энэ мэт хэргийн газраас зугтсан иргэн хэзээд баригддаг. Тиймээс хэргийн газрыг орхиж зугтах нь буруу юм. Мөн хэргийн газрыг орхиж зугтсанаар санаатай үйлдэл болж ял шийтгэл нь хүндэрдэг гэдгийг жолооч нартаа Замын цагдаагийн газраас удаа дараа анхааруулж байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/