Зүүн Энэтхэгийн бага сургуульд үнэгүй үдийн хоол идсэн 20 хүүхэд амиа алдаж, олон арван хүүхэд хордсон талаар эх сурвалж мэдээлээ. Харамсалтай хэрэг явдал болсон Бихар муж улсын эрх баригчдын мэдээлснээр 27 сурагч болон сургуулийн тогооч эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Эмнэлэгт байгаа сурагчдын арвынх нь биеийн байдал маш муу байгаа гэлээ. Хордсон болон амиа алдсан хүүхдүүд 8-11 насныхан аж. Бихар мужийн Патна хотоос 80 км-т орших Масрах тосгоны сурагчид үдийн хоолоо идсэнийхээ дараагаас л өвдөж эхэлсэн байна.
Хоолыг сургуулийн гал тогоонд хийсэн бөгөөд хүүхдүүд бөөлжиж эхэлснээс хойш сурагчдад хоол өгөхийг яаравчлан зогсоосон гэж сургуулийн захиргаа мэдэгджээ.
Боловсролын яамны мэдээлснээр сургуулийн гуанзны аюулгүй байдал тун тааруу байсан бөгөөд хүүхдүүдийн хоолыг бэлдэхдээ орцны хүнсийг угааж цэвэрлэдэггүй байсан байна.
Энэтхэгийн олон муж улсад ядуу өрхийн хүүхдүүдэд үнэгүй үдийн хоол олгох хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Холбогдох албаныхан хэргийг шалгаж байгаа бөгөөд сургуулийн захиргаанд ял тулгаж мэдэхээр байна.
Д.Идэр



























































