Хойд Солонгосын хилд орших Кайсон хамтын үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох тухай хоёр Солонгосын дөрөв дэх хэлэлцээ бүтэлгүйтжээ. Уг асуудлаарх эхний уулзалт амжилттай болсон ч 2, 3, 4 дэх уулзалтууд санал зөрөлдсөний улмаас үр дүнд хүрээгүй байна. Өчигдрийн дөрөв дэх хэлэлцээнд талууд үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох өмнөх саналуудаа дахин дэвшүүлсэн ч нэгдэлд хүрч чадаагүй аж.
Гурав дахь уулзалт бүтэлгүйтсэний дараа Сөүл Хойд Солонгосыг хамтын үйлдвэрлэлийг бүсийг хааснаас үүдсэн хор хохиролд хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадсанаас Пхеньян өөрийн хилд байрлах Кайсон бүсийг хааж, тус бүсэд үйл ажиллагааг явуулдаг байсан Өмнөд Солонгосын 123 компанийг хөөн гаргасан билээ. Ингэснээр Хойд Солонгосын 53 мянган иргэд ажилгүй үлдээд байсан аж.
Кайсон бүсийн ажиллагааг хэвийн явуулах эхний хэлэлцээ өнгөрсөн сарын 12-ны өдөр амжилттай болсон юм.
Д.Идэр

























































