Өчигдөр Москва болон Орос улсын бусад томоохон хотуудад таван жилийн ял авсан сөрөг хүчний удирдагч Алексей Навалниг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалууд боллоо. Дэмжигчдийн мэдээлж буйгаар Петербург, Киров, Екатеринбург, Саратов, Новосибирск, Томск хотуудад болсон жагсаалуудад нийтдээ 10 орчим мянган хүн оролцсон гэсэн бол цагдаагийн газар ердөө 2.5 мянган хүн байсан хэмээн мэдээлж байна. Эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн өнгөрсөн шөнө 170 орчим хүнийг баривчилсан байна. Киров хотын шүүх өчигдөр хуульч мэргэжилтэй Алексей Навалнид улсын хөрөнгийг шамшигдуусан хэрэгт буруутган таван жилийн хорих ял оноосон юм. Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даваж заалдах тухайгаа мэдэгдсэн байна. Навалниг өчигдөр шүүх хурлын танхмаас шууд баривчлан хорих газар луу ачжээ.
Ял оногдуулахаас өмнө Навални Москва хотын даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн билээ. Хэрвээ сөрөг хүчний удирдагчийг суллах юм бол тэрээр Москва хотын даргын сонгуульд оролцох эрхтэй болох юм.
Алексей Навални намайг улс төрийн зорилгоор яллахаар төлөвлөж байна хэмээн өөрийн блогтоо олон удаа бичиж байжээ.
Д.Идэр



























































