Дэлхийн хамгийн зартай хар тамхины худалдаачин Мигуэл Анжел Тревино Моралес хоёр өдрийн өмнө баривчлагдсан билээ. Хууль бус үйлдлээрээ алдартай "Зетас" бүлэглэлийн 40 настай толгойлогч хамгаалалт хүссэн талаар эх сурвалж мэдээллээ. Хар тамхи хууль бусаар наймаалдаг "Зетас" бүлэглэлийн нэрээр баривчлагдсан толгойлогчийг нь хуулийн хамгаалалтад авахыг хүссэн бөгөөд түүнийг шорон дахь тамлалаас хамгаалах ёстой хэмээн эрх баригчдад мэдээлсэн байна.
Шүүхийн байгууллагын мэдээлснээр Мигуэл Анжел Тревино Моралес өөрийг нь тамлаж байгаа тухай ерөнхий прокурорт дөрвөн удаа гомдол гаргасан аж. Толгойлогчийн аюулгүй байдлыг шалгахаар очсон ерөнхий прокурор хоригдол ямар ч тамлуулсан гэх шинжгүй байсан хэмээн мэдээллээ.
Мөн түүнийг харгалзагчдад ихээхэн хэмжээний мөнгө санал болгохыг оролдсон гэсэн байна. Гэхдээ бид хэзээ ч түүний мөнгийг хүлээн авахгүй хэмээн хамгаалалтын албаныхан мэдээлжээ.
Мексикийн тэнгисийн цэргийн албан хаагчид АНУ-ын хилийн ойролцоо түүнийг баривчлах үед толгойлогч зургаан буу, хоёр сая гаруй ам.долларыг бэлнээр авч явсан байна.
Харгис бурангуй үйлдлээрээ алдартай Моралесыг дэлхийн олон оронд эрэн сурвалжилж байсан юм. Тэрээр 2012 оны 10-р сараас эхлэн “Зетас” бүлэглэлийг толгойлох болжээ. “Зетас” бүлэглэл “Gulf” гэмт хэргийн бүлэглэлийг атгах болсон нь Мексикийн эрх баригчдын санааг ихэд зовоож байсан юм. АНУ Мигуэл Анжел Тревино Моралесын тухай мэдээлэлд таван сая ам.доллар төлнө хэмээн зарлаж байсан юм.
Д.Идэр



























































