
Америкийн тусгай албаны нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулсан Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгох орон одоогоор байхгүй байна. Сонирхолтой нь түүнд Германы "Whistleblower" хүний эрхийн байгууллагаас дээд шагнал өгөхөөр болсноо өчигдөр зарлажээ. Энэ шагналыг анх 1999 онд Германы эрдэмтдийн холбооноос олгож эхэлсэн бөгөөд Эдвард Сноуденийг энэ жилийн онцлох хүнээр тодруулсан байна. Шагналыг дагалдаж түүнд 3000 евро очих бөгөөд хууль эсвэл хүний эрхийн байгууллагуудаар дамжуулж ОХУ-ын онгоцны буудалд амьдарч байгаа түүнд өгөх юм байна.
Эдвард Сноуден Москвагийн онгоцны буудлын транзит хэсэгт буугаад нэг сарын хугацаа өнгөрч байгаа юм. Одоогоор АНУ-ын зүгээс энэ шагналыг эсэргүүцсэн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Баяр